Шөнийн сар, өөрөөс нь урьдан дорно зүгийн тэнгэрт нэвчин цойлсон өргөн цагаан гэгээгээрээ зуучлуулан гоёмсог ихэмсгээр цухайж, харанхуйлан харлах өргөн дэлхийд өөрийн үлхгэр цэгээн дэвсгэрээ нөмөргөн орчин орчиныг өөр өөрийн нь бие төрхөөр нь сийлэн тодруулсаар... салхины амьсгал хэдийнэ хүйтэрсэн намрын адаг сарын хорьдын шөнөө.
Хөрстийг нэгэн хэмээр бүгтхэнээр бөмбөрдөн, зорьсон газарт нь дөхүүлэн эвхэн дөтлөж зэрэгцэн хатирах унасан морьдынх нь амгайн шаргиа, хаа нэгхэн ханхийн тархийн хавиралдах гөлөм дөрөөний чимээнээс өөр аниргүй.
Хэрэг зоригоо хэдийнэ ярилцаж тохиролцсон, айл саахалт байсаар аман яриагаа барчихсан хоёр эрд харанхүй шөнө хатан дөрөө харшилдах завсарт хашгиралдан ярилцах юу байхсан билээ, ямар согтуу хөлчүү улс биш.
Нутгийнханд Ганганмөнтөг гэгдэн хоч нэр хоёр нь холбоо хэлхээтэй болчихсон харимал эрийн унасан дундуур хүчтэй бүдүүн хүрэн морь унааширан улдаснаас үе үехэн бүдчин хоцросхийхэд ханилан явагч арай залуухан Чулуун гэгчийн "хамар цагаан хээр" нэрт морин явах тусам явдал нь зөөлдөн гангарч хазаар даран тэмүүлэнэ.
Чулуун бол энэ нутгийн насаараа ганц бие явсан авгайн хүү. Ах дүү муутай бүсгүй хүний ганц хүүгийн жаргал зовлонг эдлэж өссөн Чулуун ядмаг татуу хүнд энэ адармаатай хорвоогийнхон ямархуу хоржоонтой ханддагийг нь аль хар багаасаа мэдэрсэний хүчинд эрт хэрсүү сууж, энийг нь ухаан орох цагаас нь өөрийн үзэж туулсан амьдралын хатуу зөөлнөөр жишин учирлан ухаажуулж өсгөсөн эмэг эхийнхээ ачаар хүний дайтай амьдарч яваа ерийн нэгэн хөдөөх эр байв.
Тэрээр ухаант хүний гар дээр өссөных багаас юмхнаар юм хийхийн ухаанаар орчноо харж үүгээрээ дэвжиж арилжаа наймаа, мал ахуйг хослуулан эрхлэж өдгөө бэл "чөмөг" суужээ. Арилжаа эрхэлж явахдаа азай буурлынхаа нэрийг эхийнхээ нэрийг мөнгөнөөс арилжаагүй, хомхой ховдогоо хэтрүүлээгүй хүн.
Харин "ганган"-ы тухайд багаасаа аливааг тунгаахтай мантай өнөө маргаашийн өл залгах бодлоос хэтрэхгүй богино бодолтой ч бүлэрхүү олуул явахын "од"-онд төрж, мөнхүү бодож болгоохын зовлонгүйгээр бүүрэлхүү өсөж торниод, гэнэтхэн балчир ганц хүүтэй охин хүүхэд олонтой нүнжигтэй айлын ууган хүргэн болсон нь ховорхон завшаан болж түүнийг олон хүний хайр хүндлэл, огт ондоо "зиндаа"-нд хүргэжээ.
Энэ нь ядмаг, язганасан олуул өлөн зэлмүүн өссөн сэхээ самбаа багатай, төрлөхийн амиа хичээсэн дотуур тамиртай түүнийг шинэ өндөрлөгт гаргаж, сэхэж сэрвийж явтал. Нэг мэдвэл хавийнханаас түүнд "ганган"-хоч өгчээ.
Тэрбээр багадаа ах эгч нарын хуучин хувцасны дамжлага байсан тул хэзээнээс ганган хүн түүний хувьд гойд "мундаг" хүн шиг харагддаг байснаас "ганган" хоч нь түүнд эхнээсээ таалагдан бахархал төрүүлж, одоог хүртэл энэ хочоороо бахдаж явдаг хүн.
Өдгөө Ганганмөнтөг хэвшмэл нэрийг нь ганган гэдэг нь хоч, Мөнтөг гэдэг нь нэр нь гээд ялгачихад гадны болон нутгийн хүний хэн хэн нь гайхаж эргэлзэм болжээ. Гадны хүн учрыг нь дуулаад ганганаа ч "хат"-даа гэхээр бол харин нутгийн хүн, Мөнтөг гэхэд эргэлзсэнээ
-Аа, ганган уу хэмээн тодруулахдаа жаахан жуумалзасхийж байдаг, өөрөө бол одоогийн шинэ "төрх"-нөөсөө илүүтэй хуучин хочиндоо хоргоддог. Хоргодоод нь тохируулсхийн тохуурхасхийн хочоор нь дуудан харам занг нь зөөллөж байгааг гадарлах нь байтугай баярлаж суудаг хөөрхийлөлтэй хүн. Ачир дээрээ арчаа муутай, бодол зөрсөн хүнд далдын далд боонги зуунги, иймэрхүү хүн хаа нэгтэй байдаг л даа баян юм чинь энэ хорвоо.
Нийгэм солигдоход нэг хэсэгтээ сэхээ муутай аминч муу санаандаа хүлэгдэн гундасхийж байсан ч төрснөөсөө илүү өөрт нь "амь тавьдаг" хажуу хань, зэрэгцэн өсөж өндийсөн олон хүүхдийнхээ буянд сэхэх маягтай болжээ.
Гэтэл хэрсүү, "гэнэн" огтын ондоон энэ хоёр хүн харанхуй шөнөөр дөрөө харшуулан хаа хүрэхээр ханьсаваа. Хорьдын саран зорчих замын нь зүүн өмнөөс орчныг нь бүгтхэн боловч уул усан танигдахуйц гийгүүлэхэд зорчигсодын дотор сэтгэл ч тэр гэгээнд уужрах шиг.
-Нэг бууж... "мөр үзэх"-үү дээ хө,
-Тэгэе дээ тэр нэг цайраад байгаа дэвсэг дээр бууцгаая.
Тэд бууцгаав. Дахин мордоцгоож хэсэгхэн зуур үг дуугүйхэн сажлуулцгаагаад дахин ергүүлцгээж эхлэв. Их л шуурхайлж явааг бодоход, чухал л ажилтай улс дагаа.
Энэ үес зун намрын цагтаа үзэсгэлэнт сайхнаараа гайхуулан ногоорон шарлан тунаран тунарч байдаг хөвч ой манай хоёрын өмнө зам дагууд нь аймхай хүн аймаар, бараалан хүрээлэн ойртож өөрийн дундуур хөтлөсөн хэжлэг жимээр өндөр даваа өөд өгсүүлэв.
Самсаа хоорондоо тэгш хэмтэй зайд байх нарийхан зурвас цагаан сартайдаа "хамар цагаан хээр" нэртэй болсон бяралхуу омголон, цэмцэлзэн цэмбэлзсөн алхаатай хар хээр морь эргэн тойрны түнэр ойгоос сүрдэн үе үе хамраа тачигнуулан хуухиран ухасхийн авч давхихаар биеэ хураан хураан бөмбөлзөвч эзний нь итгэлт бахим гарт найдвартай атгагдсан эр хар суран жолоог яалтай. Хойхно талд нь мөрийг нь арай ядан мөшгих хүрэн моринд бол айдас ийдэс яамай хэрэг, зөвхөн барагдаж өгдөггүй өгсүүрийг барж цөхөн амьсгаадан зүтгэлнэ.
Давааны оройд, олон он жилд түмний босгосон бараа сүртэй оцгор их овооны дэргэд гарч ирэв. Тэд сүрдэх мэт морьдоосоо бууцгаан ганзгалаагаа задлан түр тухлаж их овоо эрхэс тэнгэр, ханхар хангайд идээ цагааныхаа дээжээс өргөл өргөцгөөв. Шөнөд оройгүй шөлөнд дээжгүй. Хэн хэн нь дор бүртэй хирдээнгүй л сүслэнэ.
-Цаг юу болж байна
-Хоёр хагас.
-За болж байна, Асгат товгорын бууц эндээс цагийн газар тэнд нүдний хор гаргаад, үүр сайхан цайлгаад л хөдлөхөд давхиад буучихна.
-Тэгье, хөдлөе
Үүрийн гэгээ намрын хяруун цацлага нөмрөн бөмбийсөн хангай ханы сэрүүн цагаан өглөөний нь сүр дүрийг, давааны өврийн эхний өвөлжөө болох Асгат товгорын бууцыг, айлчлан ирсэн гийчдийг нь тэдний тохомлон чөдөрлөж тавьсан унаа морьдыг нь, явах замын алсыг хүртэл гэрэлтүүлэн тодруулах үес ирсэн гийчид аянч монгол заншлаар эртлэн босцгоож, аргалын утаагаар амтаалсан хээрийн халуун хар цай оочлон цайлж, унаа морьдоо эмээллэн хөдөлцгөөв.
Хүч түрэн ирэх гэгээн нарны удиртгал мөч тутамд саруулсгах цэлгэр цагаан гэгээ бүхнийг тодорхой толилон тодруулсны хойно Ганган Мөнтөгийн өмссөн шинэхэн данхгар бүрх, мөнгөлж гоёсон өргөн ширэн бүс, том том дугуй хээтэй эвхээс нь арилаагүй тод шаргал өнгийн үйтэнхуар дээл энэ бүхнийг нь шөнийн харанхуй өөртөө нуун хав даран далдалж байгаад алдаж орхисоноос одоо өөрийн дураар өнгө жавхаагаа гайхуулан эзнийгээ тодорхойлон гангамсаглаж байх мэт гял цал харагдана.
Хажууд нь эмээл дээрээ пагжийтал суун хазаар дарах хүлэг морио бат бахим гараар хямгадан хошуу өлгөн хатируулж яваа Чулуун нь бас өөрийнхөөрөө гангарчээ. Дэлийг нь цэвэрхэн сумлан зассан хур дэл согсоотой "хамар цагаан хээр" нь, эр хүний нүдийг булаах эмээл хазаар нь, ганзагаар даруулан эмээл дээр тохсон хуучны хараа булаам нарийн хийцэт, үдээс хадаас нь бүрдсэн жижгэвтэр булигаар шуумааз, ёс төр гүйцэтгэж явааг нь илтгэх мөнгөн тоногтой хэт бэл, өвөрт нь байгаа залуу шүрэн толгойтой дунд гарын хуучны цавцгар цагаан хаш хөөрөг нь хүртэл түүний энгийн үед тэр бүр хэрэглэдэггүй эрхэмлэж явдаг эрхэмсэг гангараа нь байлаа.
Нэгэн үйлд шамдан зорьж, хөдөөгийн бартаат жимд ийнхүү өөр өөрийнхөөрөө үзэмж нэмэн яваа энэ хоёр хүн, баз хүргэнүүд ажээ. Хадмынхаа ганц хүүд бэр гуйхаар том хүргэн Ганганмөнтөг насны ахмадаараа ахлан удаахи хүргэн Чулуун шадарлан бараа болж яваа нь энэ юмсанжээ. Мөнөөх шуумаазны нэг талд аян хоногийн нь тохийг бүрдүүлэх учиртай хоёр хүний бяцхан майхан сэлт, нөгөө талд бэр гуйх нутаг орны уламжлалт ёс заншилд нягт нямбай нийцүүлэн бэлтгэсэн идээ цагаа, эд бэлгийн дээжийг дэс журмын дагуу бэлтгэн хийж амыг нь нарийн сур гүйлгэн сүлжиж хумхижээ.
Өнөө цагт элбэгшсэн унаа машинаар ирж болох байсан ч зам тойруугийн дээр гол ус хадаалан зорчиход эвгүй болсон нь, цаг нартай энэ эрхэм хүндтэй ажилд саатал орох вий гэснээс. Басхүү ямагт даруу төлөвийг эрхэмлэн аливаад сүрчигнүүр хөөргөн хандахыг хориглодог хадам эцэг нь хүргэдээ сүр бараа багатай, тохь намбатай яваад хайртай багахан хүүгийн нь хань болох хүнийг ёс төртэй "гуйгаад" ирэхийг даалгажээ.
Хүргэн болох хөвгүүнийг дагуулж ирэх ёсон бий ч гэнэт гарсан хойшлуулшгүй чухал албан ажлын эрхээр ирж чадахгүйд хүрч энэ тухайгаа ирээдүйн хадамдаа дуулган зөвшөөрөл авсан гэх. Энэ гар утас, холбооны хэрэгслийн чухлыг, хүрэхгүй газаргүй л хүрдэг ажээ. Уг хүү бол санаа сайтай, хожим бэр гуйсан хүргэдийн нүүрийг түлэхээргүй "томоо"-той сайн хүү тул тэд хойчийн цагаас айсангүй, нүүр баатар байв.
Харин алив нэр хүндтэй ёс заншлын цаана нуугдаж байдаг, олны өмнө шалгуулахын өмнө төрдөг шиг нууцлаг зовинол мань хоёрыг эзэмдэн зорьсон газар ойртох бүр тэр нь томрон тэднийг жижгэрүүлж байх шиг хэн хэнд санагдана. Гэвч үүнийгээ өөр зуураа хэлцсэнгүй хэлэлцээд ч яахав ихэсгэхийн нэмэр тэгээд ч "үүрэг авсан" өдий насны эрсэд нэрлэхмээр жижигхэн "зовиур" юм.
Мод хад ихтэй цухал бачуухан давааны эхнээс уруудах бүр газар орон тавиу уужим болон алсарч нэгэн бяцхан хадат ухаагийн өврийн, ус нь зайрмагтан ургамал нь намар оройн өнгөөр хучигдан налайсан буурал хондонд хонин сүрэг нь хотноосоо тэлхэн билчиж эхэлсэн хот айл харагдах нь зорьсон айлын бараа. Айлчин гийчдыг харан хуцах нохойн дуу ойртсоор.
Уяа шон дээр буух тэднийг угтан өвгөжөөр хүн нохойгоо хорих зуур гэрээс хөнгөнөөр бултасхийн гарч үхэр хураахаар гүйн одох голшиг залуу бүсгүй бол эрж яваа "эрдэнэ" нь гуйж яваа бэр нь гэдгийг зочдыг харуут түүний, нэгийг санасан мэт үлмэдэг түгшин улсхийх шиг болсон хүүхдэрхүү хөөрхөн царайгаар нь гярхай харцат эрэлчин хашир эрс өлөн харцаараа ажиглацгаажээ.
Энэ бүхнийг хүсэн хүлээж байсан мэт задгай хөх тэнгэрт сая мандан бадарсан манхгар улаан наран тэртээх уулсын цаанаас яахын зуургүй мэлтийн өндийж энэхэн дэлхий даяхныг гэрэл илчээрээ ивээн, шийхтнүүлэн амилуулж басхүү алсдаа угийн бичиг нь мөчир салаа сайт нэгэн их саглагар "мод" болон үеийн үедээ дуурсагдах нэгэн шинэ айлын асан дүрэлзэх тулгат галыг зөгнөн өөдлөвөй.
28.29.30.Х.2010.
БАЯНХОНГОР

